Газарзүй: Монгол орон 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Перугээс том буюу дэлхийн 19-р том орон болно. Азид наймдугаар, далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрдугаарт жагсана. Нутаг дэвсгэрийн 0.43 хувийг гадаргын ус бүрхсэн.
Байрлал
Хойд өргөргийн 41° — 52°, зүүн уртрагийн 87° — 120° дотор уламжлал болон ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Дорно Азид хамааран байна. Газрын байрлалаар хоёуланд нь, соёлын хувьд Төв Ази, эдийн засгийн хувьд Дорно Азитай илүү дотно. Саяхнаас Дорно Умар Азийн бүсийн хурал зөвлөгөөнд оролцох болсон. Өмнөд, дорнод, өрнөд гурван талаараа Хятад улстай 4677 км, умард талаараа Орос улстай 3543 км зурвасаар хиллэнэ. Далайд гарцгүй. Хилийн нийт урт — 8220 км. Хэдий хиллэдэггүй ч баруун хил Хасаг улсаас 38-хан километр зайтай.Хөндлөн 2392 км, гулд 1259 км сунасан «дэлгэсэн тэрлэг шиг»[8] хэлбэртэй. Захын цэг:[9][10]
- Баруун цэг — Монгол Алтайн нурууны Мааньт уул
- Хойд цэг — Их Соёны нурууны Монгол шарын даваа
- Зүүн цэг — Соёлз уулын модот хамар
- Урд цэг — Орвог гашууны бор толгой
- Төв цэг (хүйс) — Бүрд сумын Өвөр хөшөөтийн булгийн эх
Томоохон гол, мөрний сав газраар харьцангуй нам доор байна. Нутгийн баруунтаа Их нууруудын хотгор, Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хотгор байгаа бол Дорнод аймагт хамгийн нам доор цэг буюу Хөх нуурын хотгор (560 м) бий.
Усны зүй
Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваан үзнэ. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин Хятадад урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг. Монгол орны хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай.
Хамгийн том нуур нь Увс (3350 км²), хамгийн гүн нуур нь Хөвсгөл (238 м) юм.
Бүс, хөрс
Монгол хойноосоо урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн дөрвөн бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс өөд авирахад тайгын болон тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг. Ойт бүслүүр нь тогтмол дулаан, тааламжтай уур амьсгалтай, үржил шим сайтай, ялзмаг ихтэй.Хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.
Ургамал, амьтан
7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино.
Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.
Хүн ам зүй
Он | Хүн ам (мян.)[11] |
---|---|
1918 | 647.5 |
1935 | 738.2 |
1956 | 845.5 |
1969 | 1197.6 |
1989 | 2044.0 |
2010 | 2,754.7 |
2015 | 3,000.0 |
Хүн амын олноор дэлхийн 194 улсаас Армен, Литватай зэрэгцээд 135-р байранд байна.
Хүн амын нягт — 1.8 хүн/км² буюу хүн амын хамгийн сийрэг суурьшилтай орон болно.
1000 хүн тутамд 20 хүн төрж, 6 хүн нас бардаг, жилийн дундаж өсөлт — 1.49% (2016он). Хүн амын 36.6% нь 0–14 насны багачууд, 68.9% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4% нь 65-ээс дээш өндөр настан юм. хүйсийн харьцаа жигд, дундаж наслалт — 68.6 жил.[14]
Ард түмэн
Яс үндэс | Хүн ам (2010 он)[15] |
Хувь |
---|---|---|
Халх ястан | 2,168,141 | 82.4 % |
Хасаг үндэстэн | 101,526 | 3.9 % |
Дөрвөд ястан | 72,403 | 2.8 % |
Баяд ястан | 56,573 | 2.2 % |
Буриад ястан | 45,087 | 1.7 % |
бусад ястан | 187,387 | 7.1 % |
гадаадын иргэн | 16,320 | 0.6 % |
Ястнаар салган бүртгэдэг уламжлалтай. 2010 оны хүн амын тооллогыг үндэслэвэл халх ястан (82%) зонхилж хасаг (4%), дөрвөд (2.8%), баяд (2.2%), буриад (1.8%), захчин (1.3%), дарьганга (1%), урианхай (1%), дархад, хотгойд, торгууд, хотон, мянгад, тува, барга, үзэмчин, элжигин, сартуул, хамниган, цаатан, чантуу, харчин, цахар зэрэг хориод нэрээр бүртгэж байна. Хятад, Орос, Солонгос зэрэг гадаадын иргэн 0.6 хувийг бүрдүүлж байна.[16]
Буриад, ойрд монгол нь халхжих, тува, хотон, чантуу зэрэг түрэг угсаатан, хамниган тунгус угсаатан нь монголжих үйл явц явагдсаар байгаа. Хасагууд Баян-Өлгийд 88% эзэлж байгаа болохоор харьцангуй өөрийнхөөрөө байна.
БНМАУ-ын үед БНХАУ-тай харьцаа муудан 1963-1966 онд хужаа нарыг үлдэн хөөж, ЗХУ бутрахад 1990-1992 онд Монголд байсан Зөвлөлтийн цэргийн анги, мэргэжилтнүүдийг гаргажээ.[17][18] Ардчилсан Монголд хуулийн хязгаарыг (нийт 3%, нэг улсаас 1%) давахгүйгээр гадаадын иргэд орж гардаг болсон.[19]
Хэл бичиг
Улсын албан ёсны хэл нь монгол хэл байна. Монгол хэл алтай язгуурын монгол бүлгийн гол хэл юм. Монгол улсад халх аялгуу голчлох ба буриад аялгуу, ойрд аялгуу, дархад аялгуу тодорхой ялгардаг. 1941 оноос хойш кирил үсгээр бичдэг болсон. Кирил монгол бичгийн дүрмийг 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан монгол үсэг 1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа латин үсэг хэрэглэх нь түгээмэл.Мөн алтай язгуурын түрэг төрлийн хасаг, тува хэлээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас Англи (сүүлийн үе), орос (Зөвлөлтийн үеэс), солонгос, герман, хятад, япон зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг.
Шашин шүтлэг
Монголын ард түмний ихэнх нь буддын шашинтан (53%). Буддын шашны гэлүгва буюу шарын шашин гэсэн ёсыг дагадаг. Мөн шашин, бурхны сүжиг алдрах хүний тоо (38%) өссөн. Хүн амын цөөн хувьд лал, бөө, христийн шүтлэг байна.[21]Эрт дээр үеэс Монголд бөө, тэнгэр шүтлэг байсан бөгөөд 16-р зуунаас буддын шашин Монголд гурав дахь удаагаа хүчтэй дэлгэрсэн. Жавзандамба нарын олон хутагт хувилгаан тодорсон. БНМАУ-ын эхэн үед шашныг хориглож, сүм хийдийг шатааж, лам нарыг хороож байв. Хожим суларч 1990 оноос хойш шашин шүтэх эрх чөлөөлөгдсөн.
2010 онд буддын 127, христийн 96, лалын 6, бүгд 234 сүм хийд байв.[22] Том нь Гандантэгчэнлин хийд.
Хот суурин
Засаг захиргааны хот суурин байхгүй. Уламжлал болон хууль харвал 22-26 хот бий:
|
Түүх
Монголын түүх |
---|
Балар эртний үе
|
Эрт үе
|
Дундад зуун
|
Орчин үе
|
Түүх*Монгол үндэстэн*Панмонголизм |
Эртний улс
Монгол орон эртнээс анчин, малчин, нүүдэлчин ард түмний өлгий байсаар ирсэн бөгөөд тэдгээр нь монгол, түрэг, зөрчин аль ч угсаа байсан үргэлж өмнөд газрын нанхиадтай зууралдан байлдах ба түмэн газрын их цагаан хэрмээр хил тогтдог байв.
Дараа нь бас нэгэн монгол угсаат Жужан улсыг (330–555) Шэлүнь хэмээх сайн эр алдаршуулж яваад Түрэг улсад (555–745) зай тавьжээ. Уйгур улсын (745–840) нийслэл Хар балгасыг бас нэг түрэг угсаатан болох Енисейн хиргис галдан шатаасан боловч удалгүй монголын Хятан улсад (907–1125) түрэгджээ. Хятан улсыг зөрчидийн Алтан улс мөхөөсний дараа Монголын тал нутагт олон аймаг зэрэгцэн оршиж, олзлон булаалдаж байсан ба хамтатгаад зүбү аймгийн холбоо гэж байв.
Эзэнт гүрэн
Чингис хааны өндөр төрийг Өгөөдэй хаан залган Хархорумыг нийслэл болгон хөгжүүлж, МНТ-г бичүүлж, Алтан улсыг мөхөөж, дорно Европыг байлдан дагуулсан бол Гүюг, дараа нь Мөнх хаан залгаж Багдадын халифыг буулган Ираныг эзэлжээ. Хубилай хаан 1260 онд Монголын хаан болоод 1271 онд Юань улс (1271-1368) хэмээх үеийг эхлүүлэн Дайдуг (одоо Бээжин) нийслэл болгон сууж, 1279 онд өмнөд Сүнг мөхөөн Хятад орныг бүрэн эзлэсэн ба буддын шашныг шүтэж, дөрвөлжин үсэг хэрэглэжээ.
Монголын байлдан дагуулал өрнө зүгт Адриатын тэнгис, Египет, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Ява арал хүрч 33 сая км2 газарт ноёрхож байв.[26] «Дэлхийн талыг эзэлсэн» гэж ярих бөгөөд түүхэн дэх хоёрдугаар (Британийн дараа) их нутагтай гүрэн байжээ. Луужин, өртөө, энх тайван, цэргийн арга ухаан, өрнө-дорныг холбосон зэрэг дэвшил, нээлт авчирсан юм. Нүсэрдээд ирэхийн цагт Юань, Зүчи, Цагаадай, Хүлэгүгийн улс болон бутарчээ.
Тогоонтөмөр хаан 1368 онд Хятадыг Мин улсад алдан «Давааны арын орон» буюу монгол нутагтаа эргэн суусан.
Хаант улс
Зүүн монгол нь халх, цахар, урианхай зүүн гурван түмэн, ордос, түмэд, юншээбүү баруун гурван түмэн, баруун монгол нь цорос, дөрвөд, торгууд, хошууд дөрвөн аймагт хуваагдаж байв. Сүүлчийн хаад цахар нутагт (хожмын Өвөр Монгол орон) сууж байсан ба түмэдийн Алтан хан 1577 онд төвөдийн Содномжамцыг урин залж «Далай лам» өргөмжилсөнөөс эхлээд монголчууд нийтээрээ шарын шашинд орсон нь буддын шашин Монголд гурав дахиа дэлгэрсэн явдал юм. Ар халхад 1585 онд Эрдэнэ зуу хийд баригдсан.
1634 онд манжууд Лигдэн хааныг дарж өвөр монголыг дагуулснаар Монголын хаант улс (1368-1634) мөхсөн юм. Гэхдээ ар Монголд халхын Түшээт, Засагт, Сэцэн ханы гурван аймаг, хотгойд, Шиньжянд дөрвөн ойрд аймаг тусгаар оршин байв. 1688 онд Зүүнгарын Галданд ялагдан дайжсан Өндөр гэгээн, Чахундорж нар халхаа аван 1691 онд манж Чин улсад дагаар оржээ.
Гадаад Монгол
1755 онд хотгойдын Чингүнжав Зүүнгарын Амарсанаатай зэрэг манжийн цэргийн эсрэг босоод дарагджээ.
Чин улс монгол ноёдыг ван, бэйл, бэйс, гүн гэж зэрэглэн алба гувчуур авч, цалин пүнлүү өгч, ардыг дарлах шат тогтолцоог бий болгосон бөгөөд «хятад хүн монгол нутагт сууж болохгүй», «хятад хүн монгол эхнэр авч болохгүй» зэрэг үндэстний шинжийг хамгаалах цааз гаргасан байсан. 1907 онд Ховдын хязгаараас Алтайн хязгаарыг салган байгуулж, мөн онд «Шинэ засгийн бодлого» гэдэг хятаджуулах түрэмгий бодлого явуулж эхэлснээр ар Монголын ноёдын үндэсний ухамсар сэргэн, тусгаар тогтнох эв санаа нэгджээ.
Тусгаар тогтнол
Олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, ДИУ-ын нэхэлтийг сөрөхөөр Хаант Орос руу элч зарж тусламж гуйж байв. 1914-1915 оны Хятад-Монгол-Орос гурван улсын Хиагтын гэрээгээр тусгаар тогтносон бодит байдлаа баталж чадалгүй Гадаад Монгол нь Хятадын доор «өөртөө эзэрхэх» гэгджээ. 1919 онд хятадын Сю Шүжаны гамин цэрэг Нийслэл хүрээг эзэлж, автономийг устган дарангуйлсан ч 1920 онд Барон Унгернээр удирдуулсан Хаант Оросын үлдэгдэл цагаан цэрэг нэвтэрч гаминг Хүрээнээс хөөхөд Хиагт руу бүгсэн. Богдыг дахин хаан ширээнд өргөмжиллөө. 1921 оны 3 сарын 18-нд Зөвлөлтийн улаан цэргээр дэмжүүлж Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Хиагтыг гамингаас чөлөөлж, 7-р сард Нийслэл хүрээнд орж ирсэнээс хойш Монгол улс дахин тусгаар тогтнолоо алдаагүй юм.
ЗХУ шинэ тутам коммунист ертөнцдөө Монголыг багтааж, Хятадаас өмгөөлөгч ар тал болжээ. Богдыг эхлээд хэмжээт эрхт болгоод Ардын засаг байгуулагдав. Богд нас барснаар хаант засгаас татгалзаж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг тунхаглан анхны үндсэн хууль баталж, нийслэлийг Улаанбаатар хэмээсэн. Харц ардыг тэтгэж, харин язгууртан, ламыг хавчих болсон бөгөөд 1932 онд шамбалын дайн дэгдэн дарагдаж, 1937 оны үед лам, сэхээтэн, феодал зэрэг 20,000 хүнийг хилсээр буудан хороожээ.
1936 оны Харилцан туслалцах протоколын дагуу 1939 онд Япон Монгол руу дайрахад ЗХУ цэрэг зэвсгээр тусалж, 1941 онд Герман Зөвлөлт рүү дайрахад БНМАУ агт, хувцас, аль байдгаараа тусалжээ. 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг Жанчхүүгийн даваа хүртэл Японоос чөлөөлж Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд болсон Яалтын бага хурлаар үнэлэгдэн, ард иргэдийн нэгэн үзүүрт сэтгэл биелж ЗХУ (Орос) ДИУ (Хятад) хоёр Монгол улсыг олсон тусгаар тогтнолоо хадгалахыг хүлээн зөвшөөрчээ.[27]
Хорлоогийн Чойбалсан Өвөр Монголыг нэгтгэхийг санаархсан ч Хятадыг коммунист улс болгосондоо ханасан Сталин дэмжээгүй.
1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, 1961 онд Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон.[28]
Социалист орон
Жамсрангийн Самбуу (1954-1972), Юмжаагийн Цэдэнбал (1940-1984), Жамбын Батмөнх (1984-1990) нар нам, төрийг олон жил тогтвортой тэргүүлж байв.
Ардчилсан Монгол
1990 онд УБХ, дараа нь АИХ байгуулагдан Монгол Улсын үндсэн хуулийг батлав. Үндсэн хууль ёсоор төрийн эрх ард түмний гарт, түүний төлөөлөл Улсын Их Хуралд шилжсэн.[32] 1992 оноос 2016 он хүртэл МАХН харьцангуй давамгай, заримдаа АН төр барьжээ. 2003 оноос иргэний хөдөлгөөн идэвхжиж, жагсаал цуглаан хэвийн үзэгдэл, Оюутолгой, Тавантолгой байнгын ярианы сэдэв болсон.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд бусад орны адил хямарсан бөгөөд үнийн өсөлт, мөнгөний ханш уналт, банкны дампуурал, барааны хомсдол зэрэг олон бэрхшээл үзсэн ч 2000-аад он гарснаар байдал дээрдэж Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдрал улам олон төрлөөр салбарлан хөгжиж байна Гэвч 2012 оноос хойш экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын дэлхийн зах зээлийн уналт, мөн гадаад худалдааны гол харилцагч орон болох Хятадын эдийн засгийн удаашрал, хамгийн гол нь засгийн газрын үрэлгэн бодлогын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширсан бөгөөд 2016 оны сонгуулиар МАН эдийн засгийг сэргээх амлалт өгч, эрх баригч хүчин болжээ.
Төр засаг
Ерөнхийлөгч
Улсын хурал
1992 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Хувьсгалт Нам (72 суудал), 1996 онд Ардчилсан холбоо эвсэл (50), 2000 онд МАХН (72) дийлэнх олонх суудал авч байсан бол 2004 онд 38-38-аар тэнцэж анх удаа «эвслийн» тодотголтой засгийн газар байгуулагдаж байв. 2008 онд МАХН (45), 2012 онд Ардчилсан Нам (34) олонхийн санал авч засгийн газраа тэргүүлжээ. Харин одоогийн УИХ нь 2016 оны сонгуулиар бүрэлдсэн бөгөөд МАН 65 суудал, АН 9 суудал, МАХН 1 суудалтай, мөн 1 бие даагч сонгогдон ажиллаж байна.
Одоо УИХ-ын дарга нь Миеэгомбын Энхболд юм.
Засгийн газар
2012 оны ЗГ 16 яам, 20 сайдтай байгуулагдаж байв.[33] 2016 оны сонгуулийн үр дүнд Жаргалтулгын Эрдэнэбат шинэ ерөнхий сайдаар томилогдсон.
Шүүх байгууллага
Монгол улсын шүүх байгууллага төрийн хараа хяналтаас ангид ажиллана.- Улсын дээд шүүх (хяналтын шатны шүүх),
- Аймаг, нийслэлийн шүүх (давж заалдах шатны шүүх),
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүх (анхан шатны шүүх)-ээс бүрдэнэ.
Гадаад харилцаа
Монгол улс 1961 онд НҮБ-д элсэж, түүний түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.[34] БНМАУ-ын үед Зөвлөлттэй ах дүүгийн ёсоор дотно харилцаатай байсан ба МУ-ын үед «Гуравдагч хөршийн бодлого» хэрэгжүүлсэн. Олон улстай найрсаг, төвийг сахисан, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлдэг. 1921 онд ЗХУ (одоо ОХУ залгамжилсан), 1948 онд БНАСАУ, 1949 онд БНХАУ-тай харилцаа тогтоосноос эхлээд 184 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.[35]Монгол улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Бразилиа, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн, Кызыл, Хонкон, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгч суудаг.
АХБ, ДХБ, ОУВС, ЕАБХАБ зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудад гишүүнээр элссэн.
Цэрэг зэвсэг
Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр баталгаажсан.
Орон нутаг
Засаг захиргааны хуваарь
Зэрэг | Засаг захиргааны нэгж | Тоон нийлбэр |
||||
---|---|---|---|---|---|---|
нутгийн тоо | ||||||
Нэгдүгээр | аймаг — 21 | нийслэл — 1 | 22 | |||
Хоёрдугаар | сум — 330 | дүүрэг — 9 | 339 | |||
Гуравдугаар | баг — 1568 | хороо — 152 | 1720 | |||
Нийлбэр | Гурван түвшний зургаан зүйлийн 2081 нутаг |
Аймаг нь суманд, сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ.[36][37]
Аймаг, нийслэл
|
|
Нутгийн удирдлага
Бүх түвшний засаг захиргаат нутаг өөрийн гэсэн хилтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна. Эхний хоёр түвшний нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэдийн Төлөөлөгчдийн хурал (ИТХ), баг, хорооныхыг иргэдийн Нийтийн хурал (ИНХ) гэнэ. Төрийн шийдвэрийг нутгийн Засаг дарга хэрэгжүүлнэ.[36]Бүсчлэл
Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл:- Баруун бүс (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)
- Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)
- Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв)
- Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл)
- Улаанбаатар (Улаанбаатар) гэж тав хуваасан байна.[39]
Эдийн засаг
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв[41]. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.
Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%[42], ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ.[43]
1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.[44][45]
Аж үйлдвэр
ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.Шинжлэх ухаан, технологи
1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна.Соёл
Боловсрол
Дээд боловсрол бакалавр, магистр, докторын зэрэг гээд шатлах ба их сургууль (ИС), дээд сургууль (ДС), хүрээлэнд сурч эзэмшинэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) гэж бий. Бакалавр 4-6 жил, магистр 2 жил суралцдаг.
Монгол улсын их дээд сургуулиудын заримыг дурдвал:
- Монгол улсын их сургууль — МУИС (1942 онд үүсэн байгуулагдсан)
- Хөдөө аж ахуйн их сургууль — ХААИС (1958)
- Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль — ЭМШУИС (1961)
- Хууль сахиулахын их сургууль — ХСИС (1966)
- Шинжлэх ухаан технологийн их сургууль — ШУТИС (1969)
- Санхүү Эдийн засгийн дээд сургууль - СЭЗДС (1924)
Баяр ёслол
Улс даяар бүх нийтээр амардаг баяр:[46]Сар, өдөр | Баяр | Тайлбар |
---|---|---|
1 сарын 1 | Шинэ жил | 12 сарын 31-ны үдэш баярлаад 1 сарын 1-нд амарна. |
1-2 сар (тайлбар →) | Цагаан сар | Билгийн тооллын шинэ жил. Гурав хоног амарна. |
3 сарын 8 | Эмэгтэйчүүдийн баяр | Мартын 8 гэж бас хэлнэ. Саяхнаас амардаг болсон. |
6 сарын 1 | Хүүхдийн баяр | Эх үрсийн баяр гэж хэлдэг байсан. Саяхнаас амардаг болсон. |
7 сарын 11-15 | Үндэсний их баяр наадам | Улс, аймаг, сумын наадам болно. 5 өдөр амарна. |
11 сар (тайлбар →) | Монгол бахархлын өдөр | Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Чингис хааны төрсөн өдөр. Саяхан нэмэгдсэн. |
12 сарын 29 | Тусгаар тогтнолын өдөр | 1911 онд Монгол улс сэргэсэн өдөр. 11 сарын 26-ны Улс (БНМАУ) тунхагласан өдрийн бүх нийтийн амралтыг ийш шилжүүлсэн. |
Эдийн соёл
16-17-р зуунаас буддын сүм хийд чулуу, шавраар барьдаг болсон ба монгол, төвөд, хятад хийцийг хослуулж байлаа.
Дээр үеэс Уянгын модон гэр, Дарьганга хийц алдартай. Мөнгөн аяга, хэт хутга гээд дарханы үйл үнэлэгддэг байсан.[47]
Дээл, малгай, гутал монголын олон ястанд өвөрмөц бөгөөд улирал, нас, хүйсэнд тохируулж олон янз хийдэг байв.
Идээ унд
Монголд уламжлал шинэчлэл хосолж байна. Монголчууд эртнээс таван хушуу малын мах, цагаан идээ зооглож ирсэн. Махаар хорхог, боодог, шорлог хийх ба дулаан цагт айраг, тараг, ээзгий, өрөм, бяслаг, аарц, ааруул зэрэг цагаан идээ бэлтгэн хэрэглэдэг. Архи нэрнэ. Хасаг үндэстний казы, бешбармак зэрэг хоол бий.20-р зуунаас гурил, цагаан будаатай хоол зонхилж, хүнсний ногоо, тахиа, гахайны мах нэмэгдсэн. Гурилтай шөл, цуйван, будаатай хуурга, хуушуур, бууз үндэсний хоол болов. Монгол Улсад зоогийн газар ихээр үүсч хятад, солонгос, европ хоол хаа саагүй хийдэг болжээ. Цагаан хоолтон, зөв хооллолт бий болсон.
Урлаг
Монголчууд эртнээс дуу бүжигтээ сайн. МНТ-д «..хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав..» гэсэн нь бий. Уламжлалт уртын дуу, богино дуу, ардын дуунаас гадна орчин үеийн дуурь, рок, поп, хип хоп, зохиолын дуу дуулдаг. Хөөмий, исгэрээ зэрэг хоолойн өвөрмөц урлаг, биелгээ, аягатай бүжиг, ёохор гэсэн өөрийн дэг төрөл байна. Сэвжидийн дэглэсэн «Жалам хар» бүжиг алдартай.
Морин хуур, аман хуур, төгөлдөр хуур, хуучир, ёочин, бүрээ, ятга, гитар, хийл зэрэг хөгжмийн зэмсэг хэрэглэнэ.
1938 оны «Норжмаагийн зам»-аас эхлээд Монгол кино үйлдвэр ганцаар кино бүтээх болсон. Хувьсгал, хөдөө хотын амьдрал, ажил хөдөлмөрийн сайхныг, шашны мууг гаргадаг байв. 1970-аад оноос баримтат кино хийдэг болсон. Шилжилтийн үед унасан кино урлаг 2000-аад оны сүүлээс илт сайжирч олон студи жилдээ 20-30 уран сайхны кино, мөн телевизийн олон ангит кино хийдэг болсон. Бямбасүрэнгийн найруулсан «Ингэн нулимс» кино нь 2005 оны Оскарын шагналын шилдэг гадаад баримтат кинонд дэвшиж байсан удаатай.
Норовбанзад уртын дууч, Гончигсумлаа хөгжмийн зохиолч, Норовсамбуу уран нугараач, Цэвээнжав жүжигчин зэрэг олон авьяастан төржээ.
Спорт
20-р зууны дунд үеэс Монголд их спорт хөгжиж, 1964 оны Токиогийн олимпоос хойш өвөл, зуны олимпод оролцдог болсон. 1968-2012 оны хугацаанд бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх (топ 4)-өөр олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, бүгд 24 медаль хүртээд байна. 2008 оны Бээжингийн олимпоос Найданы Түвшинбаяр жүдоч, Энхбатын Бадар-Ууган боксчин хоёр анхны алтыг хослуулан авчирсан бөгөөд мөн жилийн паралимпад байт харваач Дамбадондогийн Баатаржав аварга болжээ.
Монголын эмэгтэй буудлагын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр (гавьяат тамирчин), Отрядын Гүндэгмаа (хөдөлмөрийн баатар) нар 1990-ээд оноос хориод жил тив, дэлхий, олимпод амжилт гаргасаар олимпийн аваргаас бусад бүх цолыг авсан.
Монгол улсынхан Японд сүмо барилддаг болсон. Асашорю Дагвадорж анх 2003 онд ёкозүна (аварга) болсоноос хойш Хакүхо Даваажаргал (2007), Харүмафүжи Бямбадорж (2012), Какүрю Ананд (2014) нар залган сүмогийн дэвжээг эзэгнэсээр байна.
Хүүхэд залуус хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисийг түгээмэл тоглодог, сонирхдог.
No comments:
Post a Comment